Pages

Medeelel

“Тахир дутуу” Чингис нэмэгдэх нь дээ
Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр Эзэн Чингис хааны минь нэр алдар, түүний туулсан амьдралын зам мөр дэлхий дахиныг тэжээдэг болжээ.

Манайхан ч тун сайн ашиглаж, сайн нэрийг нь олон янзаар хувааж идэж байгаа. Чингис хаан зочид буудал, архи, аяга, нисэх буудал, хөшөө дурсгал гээд тоочоод байвал олон зүйл бий. Эрх биш эцэг өвгөдөө хүндлэх жудаг ёсоо алдаагүй учраас гадныхан шиг 00-ын өрөөндөө Чингис нэр хайрласангүй.


Бид үүх түүхээ гадныханд олон янзаар доромжлуулж байна. Гэсэн ч энэ асуудлыг хөндөж байгаа албан тушаалтан, эрх мэдэл бүхий байгууллага өнөөдөр хүртэл алга.


Хамгийн тод жишээ нь гэвэл, дэлхийн улс орон бүрийн өөр өөрийн ойлголтоор хийдэг болсон Чингис хааны тухай кино байна. Өвөрмонгол, Хятад, Орос Япон, Солонгос гээд Чингисийн тухай кино хийгээгүй улс орон тун ховорхон.


Хамгийн сүүлийн мэдээллээр Америкийн хип, хопын од Роберт Ф.Диггз Чингис хааны тухай кино хийхээр болсон гэнэ. Одоо хийгдэх энэ кинонд Эзэн Чингис маань ямар төрхтэй, ямархуу зантай болж, хатдыг нь яаж доромжлох бол гэхээс яс хавталзаж байна. Өмнө хийгдсэн кино бүхэнд өвөл зунгүй нэхий дээл өмссөн, халтар халтар царайтай гарууд л морь унаад сэлэм эргүүлээд давхилдаад байдаг. За тэгээд, хатуухан хэлэхэд хэдэн хатдыг нь бараг л “биеэ үнэлэгч” болгож харуулах нь энүүхэнд.


Оросын найруулагч Сергей Бодровын кинонд Хулан хатныг “биеэ үнэлэгч” болгож харагдуулаад Зүчийг эхийнхээ гэдсэнд олдсон түүхийг хэтэрхий бараан харуулсан. Энэ мэт хар барааныг нь дурьдаад байвал чамгүй олон байгаа. Хамгийн гайгүй харуулсан түүхтэй нь Өвөрмонголчуудын хийсэн кино гэж хэлдэг юм байна лээ. Гэхдээ л тухайн улс орны далд бодлого үнэртэж байдгийг эрдэмтэн мэргэд хэлдэг. Холливудын алдартай кино найруулагч нүүдэлчин Монголын түүхийг сонирхож, Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, орчин үеийн кино урлагийн техникийн дэвшлийг гарамгай хослуулж чадах нь бахархалтай ч монгол баатрын тухай кинонд ахуй амьдрал, үүх түүхээ мэддэг монгол жүжигчин тоглуулах нь илүү хүртээмжтэй, үнэмшилтэй харагдаж, түүхэн кино, түүхэн баатрын үнэ цэнэ нь хадгалагдаж үлдэх биз. Энэ удаа хийгдэх киноны гол дүрд мөн л гадны жүжигчин тоглох бололтой.


Урьдчилсан мэдээллээр, Чингис хаанд Холливудийн од Микки Рурк тоглох юм гэсэн. Мань нөхөр өөрөө нохойнд хайртай учраас нохойгоор ан хийдэг байсан Чингис хааныг их сонирхсон гэж байгаа. Дэлхийд нэрээ үлдээсэн цэрэг дайны хосгүй урлаг, монгол хүний зан чанар, хүлэг баатруудын түүх бус нохойгоор ан хийж байгааг нь харуулах нь дээ, янз нь.


Ярьж байгаагаас нь харахад “Аляскийн чукча” баатар энэ кинонд амилах бололтой. Ямар ч их үнэ цэнээр босч, хэчнээн том найруулагч найруулан, мөнгө хаясан байлаа гээд монгол хүний зан чанар, монгол ахуй зан заншлыг нэвтэрхий мэдэхгүй ганцхан нохойнд хайртай мундаг гадаад жүжигчин тоглох нь энэ киноны үнэ цэнийг хэд дахин бууруулна. Бид сайн хүнийхээ нэрийг хайрлаж, хамгаалж чаддаггүй юм аа гэхэд худалдаж идэхдээ учиртай загнамаар байна. Хүссэн бүхэн хоёр гурван ном судлаад “тахир дутуу” Чингис үйлдвэрлээд байхад бид одоог хүртэл чимээгүй явсаар л байна.


Оюуны өмч, Монгол ахуйг сурталчилах, хамгаалах талаар хийгдэж байгаа ажил хэзээ ч байхгүй байсан гэдгийг үүх түүхээ гадныханд алдсан олон жишээ нотолж байсан. Их Эзэн Чингис хааныхаа түүхийг тэднээс 100 хувь илүү мэдэх монголчууд бид төрсөн өдрийг нь тогтоож чадахгүй бөөн маргаан мэтгэлцээн өрнүүлж байхад өчүүхэн жижиг хэлтэрхийг нь мэдэхгүй гадныханаас хэзээ ч гайхамшигтай Чингис хаан бүтээхийг олж харахгүй болов уу.


Монголчууд хэзээ ч Хятадын хаан Энх-Амгалангийн үнэн түүхээр кино хийж, Гитлерийн түүхийг германчуудаас илүү хийж чадахгүй. Хийх гээд зүтгэлээ ч эсэргүүцэлтэй тулгарч, төлж барахгүй их мөнгө төлөх нь тодорхой. Сайн муугаар өчнөөн дуудуулсан ч тэд дэлхийд данстай хүмүүс. Бид “Дэлхийн хүн” Чингисийн түүхийг яг ингэж л хамгаалмаар байна. Хэн дуртай нь хүссэнээрээ түүх өөрчилж, хэн ч биш болгож харагдуулдаг энэ байдлыг засч, сайн хүний нэрийг сайна
ар нь зөв худалдаж идэж сурмаар байна.
 Тэмүжин- нумын хөвчнөөс төрөөгүй юм
Тэмүжин- сумын зэвнээс төрөөгүй юм
Тэмүжин- Өэлүн эхээс төрсөн юм
Тэмүжин -өрлөг түүхээс гарсан юм

Амар заяа хомс доголон нулимст хорвоод
Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм

Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар монголын голомтыг тэр тулсан юм

Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт
Од мэт сарнисан овгийн өдөс гуурслаж
Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд
Хөө хуяг нөмөрсөн их Монгол дэвсэн юм

Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархалж
Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж
Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт
Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм

Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж
Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм
Хүлэг морьдын туурай азийн хормойг сэмлэж
Хол нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм

Тиймээ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй
Тиймээ! Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй
Тиймээ! Чингис өндөр алтайн зартай юм
Тиймээ! Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм

Хойч үедээ тэр хар буруу санаагүй
Хорин гангийн их гачаалд хатан Онон ширгээгүй
Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан
Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан

Ямар ч байсан Чингис хаан Гарьд шиг хальж
Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм
Гал усанд элэгдсэн буурал замбуулингийн манлайд
Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм

Чингис- нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис- сумын зэвнээс гараагүй юм
Чингис- Өэлүн эхээс төрсөн юм
Чингис- Өрлөг Монголоос гарсан юм


 

No comments:

Post a Comment